Pages

Friday, December 28, 2012

Унасан газар угаасан ус минь


Унасан газар угаасан ус минь
Би хөрст алтан дэлхийд хүн болж төхсөндөө тэр дундаа монгол оронд Чингэсийн үр удам нь хэмээн хүндлэгдэж байдагтаа туйлын азтай хэмээн баярлаж бас бахдаж явдаг билээ. Миний бие 1991 оны 06сарын09 нд Сэлэнгэ аймаг Мандал сумын зүүнхараад мэндэлээд хараа нутгийнхаа усаар нь ундаалж, агаараар нь амьсгалж чулуугаар нь тоглосоор эдүгээ 19 настай охин Улаанбаатарт оюутан болж анх удаагаа гэр бүл нутаг уснаасаа удаан хугацаагаар хол явж байна. Тэр л үед гэр бүлээ, найз нөхдөө, тэр тусмаа өсөж төрсөн нутгаа агаар ус бүгдийг нь маш их санаж сэтгэлдээ бэтгэрдэг нь нууц биш юм. Урьд нь би бодохдоо хөгшин хүмүүс л нутаг ус, уул хад минь гэж сүсгэлдэг байх гэсэн ойлголттой явдаг байж билээ. Яагаад ч юм хот гэдэг газар нь оччих юм бол бүх юм сайхан болчих юм шиг төсөөлөгдөж улаанбаатар явахын хүслэн болж байсан минь саяхан мэт. Гэтэл бодит байдал огтхон ч тийм биш байсан юм.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхдээ эхээсээ хүйгээрээ холбогдож төрөхдөө хүйгээрээ таслагдаж хорвоо ертөнц дээр мэндэлдэг бол сав ертөнц минь газар шороон дээр тоосоо хөдөлгөж яваа хүн бүхэнтэй хүйгээрээ дандаа холбоотой байдаг билээ. Хүн төрөлхтөн өөрөө байгаль дэлхийгээсээ хүч энерги авч нүдэнд харагдаж гарт баригдахгүй үзгээр бичиж үгээр хэлэмгүй тийм л нандин холбоос байдаггэдэгт хэн ч маргахгүй байхаа.
Ингээд би өөрийн өсөж өндийсөн Хараа нутгийнхаа талаар багахан сийрүүлье. Сэлэнгэ аймаг гэхээр л хүмүүс хүнс ногоо буудай тариа гэж төсөөлдөг. Энэ нь ч үнэн юм. Сэлэнгэ аймаг тэр дундаа зүүнхараад суугаа хйл өрх бүр хашаандаа их бага хэмжээгээр хүнсний ногоо тариалдаг уламжлалтай.
Манай нутагт Дүрвэд, Казак, Буриад гээд олон ястнууд он цагийн эрхээр сууршин амьдарч байгаа нь ихэд сонин. Хэвтэж байгаа арслангийн дүрстэй сүрлэг том ганц сондгой хайрхан бий түүнийг Ширхэнцэг гэж нэрлэдэг. Хажуу бэлээр нь сагсгар их бургас ургаж бургасан дундуур Хараа хэмээх гол шуугин урсана. Хавар болохоор хүн бүр хүнс ногоогоо үрслүүлж, намар болохоор айл бүрийн хашаанд төмс, лууван, байцаа, манжин гээд шив шинэхэн хүнсний ноггнууд хашаагаа давах шахам халиурна. Энэ л миний төрсөн нутаг ийм л сайхан газар тариалангийн өлгий нутаг билээ. Хамгийн сүүлд сонсход манай нутаг монгол улсын загвар сум болох гээд засаг захиргааны ах эгч нар маань их л зав муутай ард иргэд ч шинэ соёлд хөл нийлүүлэн алхах гээд ихэд хичээж байгаа гэсэн.
Манай нутгаас улсын начин Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Баяхцогт, сүүлийн үед оюуны спортыг монголдоо хөгжүүльж дэлхийд гайхуулж байгаа Хатанбаатар, ноёд группын захирал Буяндорж гэх мэт урлаг спорт, улс төрийн салбарт тэргүүн эгнээнд алхаж эх орныхаа хөгжилд хувь нэмэрээ багахан ч гэсэн оруулж яваа олон олон хүмүүсийг дурьдаж болно. Ийм л сайхан нутгаар овоглон омогшиж явдаг. Хараа нутгийнхаа охин нь учраас хайрхандаа залбирч, хангайдаа мөргөж сэтгэлдээ сүсэглэн холхи алсын ирээдүйгээ энэ л газартаа хамтатган бодож эрдэм номонд шамдан, эцэг эх, эх нутгийнхаа нэрийг цуурайтуулсан тийм л хүн болох гэж хичээж яваа минь хожмийн нэгэн өдөр биелэлээ олно гэдэгт туйлын итгэлтэй байна.






Машид сайн хүмүүн гэж байдаг бол тэр нь монголчууд байг
Мартахын аргагүй газар гэж байдаг бол тэр нь сэлэнгэ минь байг гэж ерөөгөөд өндөрлье...

Би таны үргэлжлэл


Би таны үргэлжлэл
Миний ээжийг М.Баясгалан гэдэг. Тэрээр сэлэнгэ аймаг  мандал сумын нутагт Ширхэнцэг уулынхаа энгэрээр өлгийдүүлэн төрсөн нэгэн. Ээж минь тууштай шийдэмгий, зоригтой  дайчин эмэгтэй. Эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа нь амарна. Гаднаас нь харахад уул мэт хатуу ч дотроо бол уян зөөлөн яг л тогтуун дөлгөөн нуур мэт. Мэдээж хүний эх юм хойно 2 охиноо л гэж явдаг. Бид 2-ын төлөө гадаа гарж эр дотор орж эм халуунд нь халж хүйтэнд нь хөрж бидний төлөө хийсэн бүхнийх нь ачаар өдий зэрэгтэй явнадаа. Ээж хүн эмэгтэй хүн ямар шинж чанартай байх ёстой тэр бүгдийг нь өөртөө агуулсан. Нүдэнд дулаахан царай урт хар үс, урт хөл, өндөр нуруу гээд нүд хөмсөг болсон залуухан эгэл эмэгтэй........ Энэ бол миний ээж.  
Ээж аав 2-ыгоо би яаж танилцаж суусын гэхэд ээж минь:
Ээж нь бүжиглэх дуртай хүн байждээ. Тэгээд сумын клуб дээр очоод орох гэхээр нэг цагдаа чамайг оруулахгүй жоохон юм байж харьж унт гээд дандаа хөөдөг байсан. Тэгээд ээж энэ муу цагдаа нар, би л лав цагдаатай суухгүй дээ гэж дотроо их боддог байж. Тэгтэл нэг мэдхэд нөгөө хөөгөөд байсан цагдаатайгаа суусан юмдаа гэж хэлж билээ.
Энэ дэлхий дээр ээж хүн хамгийн агуу хүн. Түүнгүй бол бид нар оршин байх учиргүй. Ээж хүн бидний эхлэл харин бид таны үргэлжлэл ээжээ.
Хорвоо дэлхий хүн төрөлхтөн үүсэн бий болход ч тэртээх эрт галавын үед ч ээж, эх гэдэг агуу хүн мөнхөд байсаар ....................

                                                        Ээжээ би таны үргэлжлэл

бодит явдал


Цагаан сар ба хар өдөр
            2005 оны цагаан сарын шинийн гурван. Энэ өдөр би аавдаан золгох гэж яаран ирсэнсэн. Гэтэл гэрийнхaa гадаа иртэл нүдүүлж байж онгойдог тэр жаахан хүрэн хаалга хэн дуртай нь орог гэсэн шиг нааш цааш савлаж байлаа. Ижий аав хоёроос минь өөр хүн байдаггүй тэр хашаанд хаанаасаа яах гэж ийм олон хүн цуглаа вэ? Хайртай буурал аавыг минь эцийн замд нь үдэх гэж цугаллаа гэж үү?
Гэрлүүгээ алхлаа хаалгаа онгойлголоо. Буурал аавын минь дүрс хийсэн харц охин минь ирвүү гэсэн шиг санаашрих шиг боллоо. Би хэсэг зуур бодолхийлэв. ..
...Тээр жилийн цагаан сараар аав минь ууцаа чанаж ээж минь боовоо өрсөөр эгч бид 2 урдуур хойгуур нь ааруул чихэр самардсаар буузаа болохыг, хүлээж яадсаар нэгэн сар шинийг хөгжилтэй угтсансан. Жил жилийн цагаан сараар аав ээждээ үнсүүлсээр айл хэс ч бэлэг авах гэж яардагсан.
Том болж амьдралын алтан шар замыг даган нийслэл хотыг зорилоо. Ажил хийж нөхөр хүүхэдтэй болж амьдралч төвхнөөд ирлээ. Аав ээждээ золгож амжилгүй овоо хэдэн жилийг өнгөрөөлөө. Энэ жил яагаад ч юм яаран яарсаар аав ээждээн ирсэн юмсан гэтэл ийм харуусалтай гунигтай мөчийг үзэх  гэж энэ жилийн сар шинээр унасан газар угаасан усаа зорисон юм гэж үү? Аав минь ууцаа таллан ээж минь буузаа барьсаар инээгээд угтдаг, ахан дүүс золгон бужигнаж, инээд цалгиж дуу хуур эгшигэлсэн тэр л сайхан сар шинийг эргээд нэг авчрах юмсан. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд ижий аавдаа золгоорой хүмүүсээ. Энхрий үрсээ ирнэ гэсээр элгээ эмтлэн хүлээн суудаг юм шүү?




оюутны виза карт


Оюутны виза карт

Хүний амьдралын жаргалтай мөч
Хүсэл мөрөөдлийн орчин үе
Маргааш бүхэн өнөөдрөөс сайхан
Мартахын аргагүй оюутан нас сайхан
            Яарсан ч даарсан ч ядарсан ч зүдэрсэн ч аль ч цаг мөчид аминд орох, оюутан бидний нэрийн хуудас виза карт бидний нөхөр. Автобусанд ад үзэгдэж, алдчихвий гэж сэтгэл түгшин их л нандигнан түүнийгээ хадгална. Эргүүлж тойруулан кондуктар шалгана.
            Дүн өвлийн цаг эхэллээ...
Гадаа ч цас орж,и салхи эсгэрээд л хичээл тарах яагаа ч үгүй байдаг гэтэл гадаа харанхуйн зочин цастай уралдсаар цасанд хучигдан цагаан дээлээ өмссөн их хотыг нэг л мэдэхэд харуй бүрий нөмрөн авлаа. Миний сэтгэл нэг л түгшээд тайван сууж чаддаггүй хичээл хурдан тараасай гэж бодох тусам цаг зогсох мэт нам гүмхэн. Багшийн заасан хичээл чихний хажуугаар урсаад гагцхүү хурдан тараасай. Хурдан харих юмсан гэсэн бодол л толгойд эргэлдсээр.
Ашгүй хичээл тарлаа яаран яаран гүйсээр автобусны буудал дээр яаж ирснээ ч мэдэлгүй ирчихсэн гэрийн зүг явах автобус хүлээгээд зогсож байлаа. Автобус ирлээ амжаад суугаад авлаа. Ашгүй тэр минь надад тус боллоо.Түүнийхээ ачаар би халаасандаа сохорч зоосгүй хэрнээ харуй бүрийг ч ажрилгүй гэртээ ирлээ. Энэ их ачтан бол миний оюутны виза карт.